Шууд Chart

Дуу чимээний бохирдлын талаар хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж, хийх ажлууд тодорхойллоо

2025-07-23 13:55:02

ХЭҮК-оос санаачлан “Холбон тоглогч: Тайван хот, аюулгүй орчин” уулзалтыг 2025 оны долоодугаар сарын 8-ны өдөр зохион байгуулж, нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй хүнд оврын техник  ашиглан барилга, газар шорооны  ажил гүйцэтгэж буй нь иргэдийн эрхийг зөрчиж байгаа асуудлаар салбар бүрийн төлөөллийг оролцуулан мэдээлэл солилцсон.

Ийнхүү иргэдийн амгалан тайван байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй нөхцөл, шалтгааныг арилгах,  гомдол, саналыг нь хэрхэн шийдвэрлэх талаар саналаа танилцуулж, шийдэл олох зорилгоор өчигдөр /2025.07.22/ хоёр дахь удаагийн уулзалтыг  зохион байгууллаа.

Уулзалтад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мөн Улсын Ерөнхий прокурор, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар,  Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НЗДТГ-ын Нийтийн тээврийн бодлогын газар, Хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хөгжлийн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалтан оролцов.

Уулзалтаар, барилгын ажил эхлүүлэх, зогсоох, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгодог нийслэлийн Засаг дарга / Хот байгуулалт, хотын стандартын газар/ Барилгын тухай хуульд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг  ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүргийг хангуулах,  НИТХ-ын 2023 оны 37 дугаар тогтоолоор баталсан US2002A:2023 дуу чимээний бохирдлыг бууруулах технологи, арга зүйн удирдамжийг хэрэгжүүлэх, дээрх хууль, тогтоолын хэрэгжилтэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт тавих талаарх асуудлыг онцлон ярилцлаа.

Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын болон Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас барилгын дуу чимээний тусгаарлалтын БНБД 23-05-10 нормыг мөрдүүлж, суурин газрыг төлөвлөх, барилгажуулахад дуу чимээнээс хамгаалах, орон сууцны хорооллын нутаг дэвсгэрийн акустикийн орчны норматив үзүүлэлтийг хангах, МНS4585:2025 агаарын чанарын стандарт, дуу шуугианы зөвшөөрөгдөх хэмжээг хянах асуудал салбар яамдын дунд орхигдсон байдалтай байгаа учраас хууль, эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих субъектийг тодорхой болгох шаардлагатай.

Одоогийн байдлаар Цагдаагийн  байгууллагын 102 дугаарт өгсөн иргэдийн энэ төрлийн гомдлыг 11-11 төв рүү дамжуулах байдлаар шийдвэрлүүлдэг. Тиймээс иргэдийн гомдлыг Засгийн газрын 11-11 утас, нийслэлийн 1800-1200 дугаараар хүлээн авч шийдвэрлэх боломжтой тухай мэдээлэл өгөх, гомдлыг хүлээн авсан байгууллага хууль тогтоомжид заасны дагуу зөрчлийг таслан зогсоох, хариуцлага тооцох хариу арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн.

Цаашид хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар оролцогч талуудаас санал гаргаж, үндэслэлийг тайлбарлав. Түүнчлэн уулзалтад оролцсон байгууллагууд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх боломжтой шийдлийг олж дараагийн уулзалтаар эцэслэн танилцуулахаар тохирлоо.

Авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас чиг үүргийн дүн шинжилгээ хийж, салбарын хяналт шалгалтын зохицуулалтыг тодорхой болгох;
  • Нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг, байгууллагаас  зөвшөөрөл олгох, цагийн хуваарь тогтоох шийдвэрийн хоорондын уялдаа холбоог хангах;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нягталж, иргэдийн эрхэд нийцүүлэн цаашид авах зохицуулалтыг тодорхойлох;
  • Холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр байгууллагуудын саналыг нэгтгэж уламжлах.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах”, мөн зүйлийн 12 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтад “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, мөн зүйлийн 3 дахь заалтад “хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан билээ гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.


Дуу чимээний бохирдлын талаар хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж, хийх ажлууд тодорхойллоо  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй