
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Наймдугаар сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-24 хэм бусад нутгаар 12-20 хэм дулаан байдаг байна
Наймдугаар сарын агаарын дундаж температур 1979–1990, 1992–1998, 2020–2022 онуудад дарааллан ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол 1999–2002, 2005–2008, 2023–2024 онуудад дарааллан ОЖД–аас дулаан байсан байна. Харин 1984 оны 8–р сард ОЖД–аас 3°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2002 оны 8–р сард ОЖД–аас 4°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна
НАЙМДУГААР САРЫН ТЕМПЕРАТУРЫН ОЛОН ЖИЛИЙН ЯВЦ
Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог.
Наймдугаар сарын нийлбэр хур тунадас 2004–2006, 2008–2011, 2014–2016 онуудад дарааллан ОЖД–аас бага байсан бол 1981–1984, 1990–1996, 2023–2024 онуудад дарааллан ОЖД–аас харьцангуй ахиу тунадас оржээ. 2002 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 26 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 8–р сар болсон бол 2021 онд ОЖД–аас 22 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 8–р сар болсон байна
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар: Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, агаарын температур нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30 С-ыг давж халах төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд Баян–Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД– аас дулаан. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас ялимгүй 0.5–1.5°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар,гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоног болон хоёдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД– аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёрдугаар арав хоногийн дүгээр арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар ОЖД–аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.
Иймд нийт нутгаар халж хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдэд анхааруулахад аялал зугаалгаар явж байхдаа гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.