
Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр байршилд тохижилтын ажил дуусах шатандаа үргэлжилж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Кэй Эйч апартмент байрны баруун тал, Сүхбаатар дүүргийн, 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолын асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинээр хийж гүйцэтгэлээ. Мөн 17 байршилд тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан бөгөөд нэмэлтээр есөн байршилд тоног төхөөрөмж суурилуулж байна.
Тохижилтын ажил дууссаны дараа уг төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “Эн Ти Би” ХХК болон “ГрейпСити Монгол” ХХК-ийн түншлэл нь дараах ажлуудыг хийх юм. Тухайлбал,
- Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS 0902B:2022/-ын дагуу засвар арчлалтыг хийх;
- Зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх буюу нийслэлийн нэгдсэн системд холбох;
- Төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн систем болон бусад систем хөгжүүлэлт хийх;
- Төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
- Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “SmartCar” системтэй холболт хийх;
- Авто зогсоолын төлбөрийг бүх төрлийн цахим хэтэвчээр төлөх олон хувилбар бий болгоно.
Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү авто замын санд төвлөрүүлэх орлого төсөл хэрэгжиж эхэлснээс хойших эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гарсан.
Төслийн талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113’356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Иймд уг төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийх юм” гэв.
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.