
Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотод тулгамдаж буй хамгийн том асуудал болох агаарын бохирдол нь дулааны дутагдлаас үүсэж байна. Тиймд, гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар дэмжих төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас сүүлийн долоон жилд үе шаттай төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг төсөл нь Дамбадаржаагийн дэд бүтцийн төсөл бөгөөд ЧД-ийн 19 дүгээр хороонд байрлах 63 МВт ДЦС-ын цогцолбор юм” гэв.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Төслийн гэрээ нь 2023 оны аравдугаар сарын 3-нд байгуулагдаж, гүйцэтгэгчээр Хятадын 2 дугаар металл, орд корпорац шалгарсан. Барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлж, нийт гүйцэтгэл 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Үүний дотор суурийн ажлын хувьд 70 гаруй хувьтай бөгөөд стандартын шаардлага хангасан барилгын материалыг тухай бүрд нь БНХАУ-аас авч байна. Одоогийн байдлаар үндсэн зуухны металл хийцийн 17 машин ачаа хил дээр ирчихсэн байна. Нийт ажил төлөвлөгөөний дагуу ирэх оны наймдугаар сард барилга угсралтын ажил дуусаж, есдүгээр сараас туршилтын ажил эхэлнэ. Хүйтний улирлаас зуух болон гадна хийцийн ажлыг дуусгах талаар гүйцэтгэж компанид шаардлага тавин ажиллаж байна. Дамбадаржаа дулааны станцын яндан нь 86 метр өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар 65 метр хүртэл угсраад байна. Наймдугаар сарын 15 гэхэд яндангийн угсралтыг дуусгаж, өндөр температурт тэсвэртэй дотоод даацын ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Тус 63 МВт дулааны цахилгаан станц нь ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу хангах бөгөөд үлдсэн 34 МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангах тооцоололтойгоор баригдаж байна.
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно | ||
Үзсэн: 376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.