
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг болох хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 1846 айлын орон сууцыг 13.8 га талбайд барьж байгуулна.
Тэгвэл уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 42 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 18.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн нэгжээс мэдээллээ. Дээрх барилга байгууламжуудын ажилтай зэрэгцэн гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 95 хувьтай үргэлжилж байгаа аж.
Төслийн хоёрдугаар үе шатанд Шархад дэд төвийн 1846 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусган. Газар чөлөөлөлт, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх, нөхөн олговрын үнэлгээ хийх, тендерийн баримт бичиг боловсруулах зэрэг ажил шат дараатай хийгдэж байна.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болох юм. Түүнчлэн хувийн хэвшил, иргэдийн оролцоог дэмжих замаар урт хугацааны ногоон санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа | ||
Үзсэн: 182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.