
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд 58.2 км урт явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ агаарын ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр шийдэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтээс нийт 15 байршилд явган хүний замыг засварлахдаа холбоо мэдээллийн сувагчлал, цахилгаан хангамжийн шугамыг өргөтгөн шилжүүлэх цогц ажлын зургийг хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу Энхтайвны өргөн чөлөөнд нийт 11.6 км холбоо мэдээллийн кабелийг газар доогуур оруулах ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараа явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах юм” гэлээ.
“Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дарга Н.Наранбаатар “Анх 1962 онд хуучнаар ЗХУ-ын төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын агаарын кабель болон худаг сувагчлалын байгууламжийг хийсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд сувагчлалыг шинэчилснээс хойш өргөтгөл хийгээгүй. Ийнхүү энэ жил явган хүний замын засвар, шинэчлэлттэй холбоотойгоор хотын гол гудамж, зам дагуу нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг сувагчлах боломжтой боллоо. Ингэхдээ зургаан чиглэлд инженер техникийн 109 ажилтан шаардлагатай үед 24 цагаар ажиллаж байна. Мөн кабелыг сувагчлах ажлын хүрээнд зургаан байршилд 1.1 километр авто замыг сэтэлгээ хийсэн” хэмээв.
Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Багц 1 буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцын талаар тухайн компанийн Төслийн менежер Ө.Баттулга “Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сарын 25-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна. Тохижилтын ажлын хүрээнд Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбооноос 3,700 ам метр чулуу авсан. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байна” хэмээлээ.
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур хонгилын системээр сувагчилна | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.