
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Итали Улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл болон ган, зуд, үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед хамтран ажиллах боломжуудын тухай санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Ази тивийн найман оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төсөл хөтөлбөрт ОБЕГ-ын албан хаагчид хамрагдаж буйд талархал дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хоёр Улс Онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Монгол Улсын Онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Манай хоёр орон худалдаа эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Цаашид хоёр Улс шууд нислэгтэй болж иргэдийн харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх, ноос ноолуурын экспортыг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулан Евро Азийн зах зээлд гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлж экспорт, импортыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи инноваци нэвтрүүлэн хамтран ажиллах тухай өргөн хүрээнд талууд санал солилцлоо.
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | ||
Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.