
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын II компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийг НЗДТГ-аас дэмжин, төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслөөр “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг нэвтрүүлж, усны салбарын үйлчилгээг иргэдэд чанартай хүргэж, цаг алдалгүй усны хэрэглээ, үнэ тариф, төлбөртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авах нөхцөл бүрдэх юм. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон нийслэлийн холбогдох албаныхан АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Азийн сан, “Аствишн” ХХК-ийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, систем рүү дата оруулах ажлууд үргэлжилж байгаа бөгөөд цахим системийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор хүлээлгэн өгөх аж. “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийн хөгжүүлэлт дээр “Аствишн” ХХК хамтран ажиллаж, системийн бүрдэл хэсгүүдийг дараах байдлаар төлөвлөжээ.
Хэрэглэгчийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, системийг хөгжүүлэх
Хэрэглэгчийн төлбөр тооцооны системийг хөгжүүлэх
Хэрэглэгчийн портал системийг хөгжүүлэх
Нэгдсэн дуудлагын төв болон санал гомдлын системийг хөгжүүлэх хэсэгтэйгээр системийг төлөвлөжээ.
Уулзалтын үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төсөл нь усны салбарын тогтвортой байдлыг хангаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд онцгой нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Хүний хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Алисон Монтгомери Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах энэхүү төслийг дэмжин хэрэгжүүлж ирсэн хотын удирдлага, баг, хамт олонд талархал илэрхийлээд нэгдүгээрт, ус хэрэглэгчийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх чиглэлээр, хоёрдугаарт, системийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр санал бодлоо солилцлоо.
2024 оны есдүгээр сарын 5-ны өдөр төслийн талаар анх танилцуулж, 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа, төлөвлөлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулсан. Системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн орчны судалгаа өндөр түвшинд хийгдэж байгааг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал онцлон тэмдэглэв.
“Ус хэрэглэгчийн цахим систем” нэвтрүүлэх ажлыг дүгнэж, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.