Шууд Chart

"Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь" сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдав

2025-08-07 10:50:17

Туркменистан Улсын Аваза хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Гуравдугаар бага хурлын хүрээнд ГХЯ, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Бэлтгэл ажлын алба хамтран далайд гарцгүй орнуудад зориулсан "Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь" сэдэвт арга хэмжээ зохион байгууллаа. 

Тус арга хэмжээ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих шинэ санаачилга, хамтын ажиллагааг урагшлуулах асуудлаар Засгийн газрын төлөөлөгчид, хөгжлийн түншүүд, нөлөө бүхий оролцогчдыг нэг дор цуглуулснаараа онцлог боллоо.

Төлөөлөгчдийн Тэргүүн шадар сайд Н.Учрал хэлсэн үгэндээ Монгол Улс нь 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хүлээн авагч улсын хувьд тогтвортой хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэг амлалтаа нотлохын сацуу газар хөрс болон усны зохистой менежмент нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь бөгөөд дэд бүтцийг үр ашигтай байлгах, худалдааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээнд Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалах Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Туркменистан Улс, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албаны төлөөлөгчид оролцож, санал бодол, туршлагаа хуваалцлаа.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр далайд гарцгүй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсний доройтлыг бууруулах, худалдааг дэмжих зэрэг бодлогыг хэрхэн оновчтой уялдуулах талаар оролцогчид байр сууриа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


"Газар, ус, худалдааны гарц шийдэл дэх санхүүжилтийн боломжийг нээх нь" сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдав  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй