
УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн уулзалтад Монгол-Бутаны Парламентын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун Бутаны Хаант Улсын талаас Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга хүндэт Куенга тус бүлгийн гишүүн Ринчэн Вангди, Намгай Вангчук, Күензанг Тинлей, Янгчен Ламо нар тус тус оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг таван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа 2025 оны 4 дүгээр сард Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын Парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилж байсан бөгөөд түүнээс хойш Засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, уулзалтын үр дүн эхнээсээ гарч байгаад талархалтай байгаагаа Монгол-Бутаны Парламентын бүлгийн дэд дарга Б.Баярбаатар яриандаа онцолж байв.
Мөн тэрээр цаашдаа хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, сайн туршлагыг нутагшуулж ажиллах нь чухал гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид халуун дотноор хүлээн авч буйд талархлаа илэрхийлж, түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудын хувьд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, бэхжиж байгаад баяртай байгаагаа уламжилсан.
Түүнчлэн Бутаны Хаант Улс нь дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг улс орны хувьд баримталдаг бодлого, парламентын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодол, байр сууриа илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Монгол-Бутаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар ажилладаг бөгөөд тус бүлэгт А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд багтдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд туршлага судалж, хамтран ажиллана | ||
Үзсэн: 132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.