
Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 229, Баянзүрх дүүрэг 151, Чингэлтэй дүүрэг 129, орон нутгийн хэмжээнд Баянхонгор аймаг 221, Увс аймаг 202, Дорнод аймаг 187 гомдол, мэдээлэл шалгагдсан нь хамгийн их байна.
2024 онд хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1254, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 729, хүний биед халдах 134, хулгайлах 49, танхайрах 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 42, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 42, хүүхдийн бие махбодид халдах 40, Эд хөрөнгө устгах, гэмтээх 29, бусад 36 зөрчилд хүүхэд холбогджээ.
Хүүхэд холбогдсон нийт зөрчлийн 46.8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон”, 30.4 хувийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.
Хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 2053 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол 91 зөрчилд шийтгэл оногдуулж, 241 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж, 15 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийн холбогдогчийн нас, хүйс, боловсролын байдлыг судлахад, 14-оос доош насны 126, 14-16 насны 1293, 17-18 насны 1122, эрэгтэй 2007, эмэгтэй 534 хүүхэд зөрчлийн холбогдогч болжээ.
Боловсролын хувьд тусгай 17, боловсролгүй 58, бага боловсролтой 171, бүрэн дунд боловсролтой 365, бүрэн бус дунд боловсролтой 1930 хүүхэд байна.
Зөрчил үйлдэгдсэн газрыг судлахад гудамж талбай, олон нийтийн газарт 1232, сургууль цэцэрлэгийн орчинд 91, гэр бүлийн орчинд 96 зөрчил, бусад газар 252 зөрчил үйлдсэн бол өдрийн цагаар 1765 зөрчил, шөнийн цагаар 635 зөрчил тус тус үйлдэгджээ.
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүүхэд холбогдсон нийт 1658 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1133, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 254, хүний биед халдах 87, танхайрах 48, хулгайлах 31, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 28, хүүхдийн бие махбодид халдах 21, эд хөрөнгө устгах, гэмтээх 14, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 9, бусад 33 зөрчилд хүүхэд холбогджээ.
Насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн зөрчлийн дийлэнх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил эзэлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна.
Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ | ||
Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.