Шууд Chart

Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг Англи хэлний вакум сургалтад хамруулна

2025-08-08 15:15:12

Монголын Үндэсний Олимпын Хорооны дэргэдэх Тамирчдын Комисс нь Бахрейн улсад болох Азийн залуучуудын наадмыг угтан тус наадамд оролцох залуу тамирчдыг англи хэлний вакум зуны зусланд хамруулна. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл нь тулгардаг гол асуудлуудын нэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тамирчдад англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, олон улсад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар олгох, улмаар өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломжуудыг нээх зорилготой юм.

Англи хэлний мэдлэг нь зөвхөн тэмцээн уралдаанд оролцоход төдийгүй, Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөлөөс зарладаг төрөл бүрийн тэтгэлэг, сургалт, солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдахад зайлшгүй хэрэгтэй ур чадварын нэг юм.

Энэхүү зуны зуслан нь англи хэлний эрчимжүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, спортын болон соёлын арга хэмжээг хослуулсан цогц хөтөлбөр байх бөгөөд оролцогчид өдөр тутам англи хэлээр харилцах орчинд 7 хоног өнгөрүүлэх юм. МҮОХ-ны Тамирчдын Комиссын даргаар Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай ажилладаг бөгөөд 2022 оноос хойш олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай хамрагдаж, Монголын тамирчдын I, II форумыг зохион байгуулсан. 

Мөн залуу тамирчдын дунд, өндөр зэрэглэлийн тамирчид болон спортын замналаа дуусган карьер шилжилт хийж буй тамирчидтай хамтран үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Тамирчдын Комисс нь өнөөг хүртэл спортын хамгаалал, карьер шилжилт, спортын сэтгэлзүй, олимпын боловсрол, манлайлал зэрэг сэдвээр Монгол Улсын 400 гаруй тамирчдад сургалт, зөвлөгөө өгсөн байна


Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг Англи хэлний вакум сургалтад хамруулна  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй