Шууд Chart

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцоно

2025-08-15 12:28:56

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын  тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.

-Та манай уншигчдад “ABU Робокон” олон улсын роботын тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн түүхтэй.

Манай улс “Робокон” тэмцээнд 23 жил оролцож байгаа. Олон улсын “Робокон” тэмцээнийг жил бүр гишүүн орнуудад зохион байгуулагддаг. онцлогтой. Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг анх 2019 онд зохион байгуулж байсан. Зургаан жилийн дараа буюу 2025 онд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллагдаж байна.

-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн баг оролцож байгаа бэ?

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцоно. Нийт 13 орны 14 багийн 400 гаруй оролцогчид  ирнэ. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг.

Монгол Улсаас  оролцож байгаа хоёр багийн хувьд 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд болсон “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд амжилттай оролцож тэргүүн байр болон дэд  байрыг эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон.

-Монголд зохион байгуулагдаж буй “ABU Робокон” тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?

-“Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан юм.

2019 онд  анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаварыг биелүүлж байсан. Нэг зүйлийг хэлэхэд Монголчууд XIII зуунд Чингис хаан алт, мөнгөн гэрэгэг бусад орнуудад элч илгээж байсан нь өнөө цагийн гадаад паспорт, шуудан харилцааны эхлэлийг тавьж байсан. Монгол Улсын түүх соёлыг олон улсад Робоконоор дамжуулан сурталчилан танилцуулж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд  оюутанзалуучуудын сонирхлыг  маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15x8 харьцаатай, сагсны шийдний өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх  талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно.

-“Робокон” тэмцээн зохион байгуулах орныг хэрхэн шалгаруулдаг юм бэ?

-Манай улсын дараа  буюу 2026 онд Хонконг  олон улсын Робокон тэмцээнийг зохион байгуулна. Ерөнхийдөө 2-3 жилийн өмнө саналаа өгдөг. Тухайн саналдаа тэмцээн зохион байгуулах дүрмээ боловсруулж, танилцуулдаг. Тэмцээн зохион байгуулах асуудлыг Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо шийддэг.

-Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа хоёр багийн бүрэлдэхүүн хэчнээн оюутан  залуучууд багтаж байгаа бэ?

-Робокон тэмцээнд зөвхөн оюутнууд оролцдог. Нэг багт  үндсэндээ гурван гишүүн, багштайгаа хамт оролцдог. Багийн туслах гишүүдтэйгээ 12-15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг юм. Бусад хөгжөөн дэмжигчээр оролцдог.

Оюутнуудын мэдлэг чадвар ур ухаан, хэр их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт сайн хийж, үйлдлээ сайн гүйцэтгэсэн амжилт гаргадаг. Монголын баг үйлдлээ хурдан гүйцэтгэж олон оноо авах  тал дээр илүү анхаарч, бэлтгэлээ хангаж байгаа.

Манай улсын хувьд хоёр удаа дэд байрт шалгарч байсан. Өнгөрсөн 2019 онд эх орондоо зохион байгуулахдаа  дэд байр эзэлж байсан. Мөн цар тахлын үед онлайноор оролцож дэд байранд шалгарч байсан. Энэ удаа Монгол Улсын баг амжилтаа ахиулж, тэргүүн байранд орохын төлөө бэлтгэлээ хангаж байна. Энэ олон жилийн хугацаанд хамгийн их амжилт үзүүлсэн роботуудтай баг бол Вьетнам, БНХАУ, Япон улс юм.

-Тэмцээн хэзээ болох вэ?

-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 24- нд “Аса Арена”-д  10:00 цагт  хэсгийн тоглолт эхэлнэ.

-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, оролцож байгаа оюунтан залуучуудад мэндчилгээ дэвшүүлнэ. Тэмцээнийг МҮОНРТ шууд дамжуулна.

-Тэмцээний тоглолтын минут богино уу?

-Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдаж байсан тэмцээн талбай дээр хоёр зэрэг үйлдлээ гүйцэтгэдэг байсан. Хугацаан гурван минут байсан. Энэ жилийн тэмцээн сагс  учраас  том талбай дээр явагдаж байгаа учраас 7-10 минутын хугацаанд явагдана. Зарим тохиолдол 12 минут ч болж байгаа. Ерөнхийдөө хугацаа  харилцан адилгүй байна.

-Тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувь хангагдсан бэ?

-Бэлтгэл хангагдаад жигдэрч байгаа.  Миний хувьд Робокон тэмцээний зохион байгуулалт дээр олон жил ажиллаж байна. Бидний хувьд 2010 оноос хойш олон улсын тэмцээн зохион байгуулна гэж ярьсаар байж 2019 онд анх удаа зохион байгуулж байсан.  Энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцогч сургууль болон удирдаж оролцож байгаа багш хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Олон багшийн хүч чармайлт, хөдөлмөр зүтгэл дээр Монголын багийн амжилт бий болдог. Монголчууд оюуны асар их мэдлэгтэй. Ази, Номхон далайн орнуудын оюутан залуучуудаас дутахгүй. Ер нь энэ тэнцүү өрсөлдөх чадвартай. Робокон тэмцээний 23 жилийн хугацаанд ойролцоогоор 5000 орчим  оюутан залуучууд багийн үндсэн болон туслах гишүүн оролцсон байна. Робокон тэмцээн оролцож байсан хүүхдүүд их мундаг явдаг. Онолын мэдлэг, практиктай хослуулж явуулдаг учраас оюутан залуучуудад мэдлэг ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент зэргийг хослуулж чаддагаар бусдаас давуу талтай. Робокон оролцож байсан оюутан залуучууд Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг Монголын томоохон бүтээн байгуулалтын ажилд манлайлан ажиллаж байна.

 -Зохион байгуулалтын багт нийт хэдэн уран бүтээлч ажиллаж байна вэ?

-“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний зохион байгуулалт дээр МҮОНРТ-ийн уран бүтээлчид  болон инженер техникийн ажилчид, сайн дурынхантай нийлээд 200 гаруй  хүмүүс ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжигчээр оролцож байгаа.  Харин ерөнхий ивээн тэтгэгчээр Зуун манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн тэргүүлэгч “ Энгийн ухаалгаар” уриатай Мобиком оролцож байгаа. Мөн “Аса арена”, Z.com, MindTech,KSJ зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

 

Нийтэлсэн: Robocon 2025 Ulaanbaatar

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээнд 13 орны 14 баг оролцоно  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй