Шууд Chart

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

2025-08-18 12:10:25

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан.

20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм.

Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлт санхүүжилт гаргаж, 11 сургууль, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлсэн. Энэ онд сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртсөн. Үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, зогсоол барьсан.

2020-2024 онд Улаанбаатар хотод 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Энэ онд өмнөх жилүүдэд хугацаандаа ашиглалтад ороогүй, удаашралтай байгаа 30 барилга (11 цэцэрлэг, 16 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор) дээр тусгайлан арга хэмжээ авлаа. Ашиглалтад оруулсан есөн барилга дээр нэмэлт төсвийг шийдвэрлэсэн, барилгын ажлыг эрчимжүүлж буй дөрвөн барилга, нэмэлт санхүүжилт шаардлагатай зургаан барилга, газрын асуудалтай нэг барилга, шүүхээр шийдвэрлэх зургаан барилга байна.

Энэ онд нийслэлийн ЕБ-ын сургуулиудад хүүхдийн 296 автобус үйлчилгээнд явна. Хүүхдийн автобусыг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хагас жил тутамд хамруулдаг. Нийслэлийн боловсролын салбарт багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллалаа.


Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй