Шууд Chart

ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын талаар В.Путин мэдээлэл өгөв

2025-08-18 12:45:40

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны наймдугаар сарын 16-нд Казахстан, Узбекистан, Беларусын төрийн тэргүүнүүдтэй утсаар холбогдон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Аляска мужид хийсэн уулзалтынхаа талаар мэдээлэл өгсөн тухай Кремлийн эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, наймдугаар сарын 16-ны өдөр Владимир Путин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко нартай тус тус утсаар ярьж, уулзалтын гол агуулга, өөрийн байр суурийг танилцуулсан байна. Тэрбээр бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, Украины хямралын үр дагавар зэрэг асуудалд ОХУ-ын байр суурийг тодотгон тайлбарлажээ.

Аляскад болсон уулзалтын үеэр Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудал болон Орос–АНУ-ын харилцааны цаашдын чиг хандлагыг голчлон хэлэлцсэн байна. Гэсэн ч бүх асуудалд тодорхой шийдэл гараагүй бөгөөд зарим нь ирэх саруудад үргэлжлэх хэлэлцээрийн сэдэв болохыг эх сурвалж үгүйсгээгүй байна.

Александр Лукашенко Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхэд авсан арга хэмжээг сайшаасан бол, Касым-Жомарт Токаев Украины хямралыг урт хугацаанд шийдвэрлэх зорилготой ийм чухал уулзалт амжилттай болсонд баяр хүргэсэн.

Шавкат Мирзиёев ОХУ, АНУ-ын дээд түвшний яриа хэлэлцээний эерэг эрч хүчийг өндрөөр үнэлж, Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ.

Энэ талаар олон улсын шинжээчид “В.Путин ойрын түнш орнууддаа цаг алдалгүй мэдээлэл өгч, бүс нутгийн улс төрийн уялдаа холбоог хадгалахыг зорьж байна. Энэ нь Москва өөрийн стратегийн холбоотнуудаа мэдээллийн хомсдолд оруулахгүй, хамтын ажиллагааны шугамыг бэхжүүлж буй алхам” хэмээн дүгнэж байгаа аж.

 


ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын талаар В.Путин мэдээлэл өгөв   
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй