
Прокурорын байгууллага 2025 оны 08 дугаар сарын 11-ээс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.167 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Дээрх хугацаанд 1.121 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 685 хэрэг шинээр нээж, 174 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Авлигын 1, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 35, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Кибер аюулгүй байдлын эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтнаар Ц.Г нь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан алба хаагчдын зуслангийн газарт гүний өрмийн худаг ухсан төлбөр болох 35,640,000 төгрөгийг “С” ХХК-аар төлүүлж, тухайн газарт газар эзэмшиж буй ажилчид болон өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн “Ойн медаль”-н төлбөр болох 5,750,000 төгрөгийг, байгууллагын албан хэрэгцээнд ашиглах “Apple” брэндийн “Ipad”-ийн төлбөр болох 3,700,000 төгрөгийг тус тус төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас “С” ХХК-д 48,010,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай "мөс” мэт зүйлийн 1,1465 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Э.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Ж.Ж нь “Н” ХХК-ийг ашиглан огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 (зургаан тэрбум, есөн зуун хорин нэгэн сая, долоон зуун хорин нэгэн мянга, найман зуун ная) төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 (мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Яллагдагч Б.Г нь ганцаараа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд үйлчлүүлж буй хүмүүст санал тавьж, улмаар М.Н, Н.У, Л.Х, Б.Р, М.О, Б.У нарыг бусадтай биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан,
Мөн Б.Г нь А.Э, Б.А нартай бүлэглэн нэр бүхий хохирогч нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгслээр хангасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 (Биеэ үнэлэхийг зохион байгуулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
Б.З нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Урадын дунд хошуунд байрлах “Ж” худалдааны ХК-ийг “М” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай “нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-тэй ажилладаг” мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “...тонн нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, их хэмжээний хохирол учруулж залилсан, мөн гэмт хэргийн улмаас олсон мөнгө болох ....төгрөгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаах гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 (залилах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (бусдад ноцтой, эсхүл хэмжээний хохирол учруулж залилсан), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 (мөнгө угаах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Бусдын биеийг үнэлүүлж байсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ | ||
Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.