
Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярыг 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүхт ойтой холбогдуулан ОХУ-ын Хабаровск хотноо цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдах бөгөөд үүнд ялалтыг хамтдаа дархалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг оролцохыг урьжээ.
Үүний дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчний 50 гаруй цэргийн алба хаагч 09 дүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Хабаровск хотноо зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Ёслолын жагсаалаар алхах алба хаагчдыг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулсан ба 180 см-ээс дээш өндөртэй офицер, ахлагч нар оролцож байна. Монгол цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхана.
Тэрээр ОХУ-ын Улаан талбайд Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон туршлагатай, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын захирагч, хүндэт харуулын даргаар 2007-2014 он хүртэл ажилласан алба хаагч юм. Ёслолын жагсаалаар алхах бүрэлдэхүүний хүн нэг бүрийн бэлтгэлийг хангаж дууссан бөгөөд өдгөө тасаг, ротын жигдрэлтийг гүйцэтгэж байна.
Ташрамд онцлоход, “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд Монгол Улсын талаас энэ жил цомхон чадварлаг бүрэлдэхүүнээр оролцож байгаа бөгөөд тэд хамтарсан сургалтын үндсэн үүргээсээ гадна жагсаалын бэлтгэл, эх орноо сурталчлах өдөрлөгүүдийг тогтмол зохион байгуулж байна.
Монгол цэргүүд чөлөөлөх дайны Ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцоно | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.