Шууд Chart

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

2025-08-19 12:06:42

2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана.

Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ.

Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна.

Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ.

Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж буй аж. 

Боловсролын сайд П.Наранбаяр "Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэж хэллээ. 


Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй