Шууд Chart

Гадаад тамирчдыг Монгол Улсын харьяат болгох боломж шинэчлэгдэв

2025-08-20 10:43:02

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн, баталсан.

Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж заасан.

Тэгвэл уг заалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан, Монгол Улсын харьяат болгож болох агуулгыг нэмэлтээр оруулж, дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох эрх зүйн зохицуулалтыг тусгав.

Ингэснээр Олон улсын нэр хүндтэй тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд оролцуулах, дотоодын тамирчид тэдний мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлага солилцох зэрэг боломж бүрдэж байна.

Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийг шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой юм.

Үүнтэй уялдуулан Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд үүний хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах гадаадын эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагчийг ажиллуулж буй ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулжээ.

Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432420184712&showType=1

Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432420251372&showType=1


Гадаад тамирчдыг Монгол Улсын харьяат болгох боломж шинэчлэгдэв  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй