
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.
Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.
Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.
Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,
- Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх,
- Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
- Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
ЗГ: Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.