Шууд Chart

Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ

2025-08-26 17:04:33

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.

Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.

Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.

Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй