
Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог өчигдөр хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.
Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.