
Баянхонгор аймагт эрүүл мэндийн салбарын чухал бүтээн байгуулалт нэмэгдэж, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шинэ шатны ажил хэрэгжлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцсон Цогтын Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинэ амбулаторийн барилга ашиглалтад орсноор аймаг, орон нутгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны болон төрөлжсөн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тав тухтай орчинд авах боломж бүрдэж байна.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд 15 ортой “Эмийн сан”-аар эх сууриа тавьж, 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 204 дүгээр зарлигаар Цогтын Магсарын нэрэмжит болжээ. Өнөөдрийн байдлаар 16 тасаг нэгжид, 374 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 354 ортойгоор 88 мянга гаруй иргэнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Тус эмнэлгийн амбулаторийн тасаг 25 кабинеттэй, 52 эмч мэргэжилтэн ажиллаж жилд дунджаар 160 мянга гаруй үзлэг хийдэг. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажил эхэлж, Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу “Улсын жишиг амбулатори” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд:
• 6 их эмч, 10 сувилагчийг төрөлжсөн болон үндсэн мэргэшлийн сургалтаар бэлтгэж чадавхжуулсан;
• БНСУ болон дотоодын томоохон эмнэлгүүдэд нийт 56 мэргэжилтнийг туршлага судлах сургалтад хамруулсан;
• Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дотоод тохижилт, тавилга, тоног төхөөрөмж, авто зогсоолын ажлыг бүрэн шийдвэрлэсэн.
Шинэ амбулаторийн барилга ашиглалтад орсноор өдөрт 1000 хүртэл үйлчлүүлэгчид лаборатори, дүрс оношилгоо болон төрөлжсөн үзлэгийн цогц үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүйгээр авах боломжтой болсон. Давхар бүрт чиглүүлэгч сувилагч, дуугүй хөтчийн зохион байгуулалт хийгдсэнээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлжээ.
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн шинэ барилга ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.