Шууд Chart

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2025-09-04 20:36:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Амбан захирагч Саманта Мостин болон нөхөр Симеон Бэкэтт нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг нар угтан авлаа.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч 31 жилийн дараа айлчилж байгаа бөгөөд  манай улсын Энэтхэг, Номхон Далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцоно.

Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах юм.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.


Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй