Шууд Chart

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

2025-09-05 10:02:02

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. 

Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов. 

Ерөнхийлөгч В.В.Путин Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын ээлжит уулзалт энэ сарын 2-нд Бээжин хотноо амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.В.Путинд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн  өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. 

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ө.Энхтүвшин, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газар болон УИХ-ын гишүүд бусад албаны төлөөлөл оролцлоо. Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.С.Орешкин нарын албаны хүмүүс байлцлаа.

 


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй