Шууд Chart

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бетон цутгалтын ажил хийгдэж байна

2025-09-09 15:46:04

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Инженерийн дэд бүтэц бүхий төслүүд амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалт өрнөж буйн нэг нь нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайг хамарсан “Сэлбэ 20 минутын хот” төсөл юм. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт аж.  

Энэхүү төслийн хүрээнд нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж болон 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, мөн амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барина. Мөн нийт талбайн 40 орчим хувьд нь ногоон байгууламж төлөвлөсөн.  

ТӨСЛИЙН ЯВЦ   

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 1-4 багц болгон зарлаж, шалгаруулах шийдвэр гарсан.  

“Багц 1, 2”-ын хүрээнд гадна цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлэг, дэд өртөө, РП-ний барилга угсралтын ажлын тендэр зарлагдаж, гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулагдах шатанд хэрэгжиж байна. Ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ажиллах бол Хөрсний усны түвшинг бууруулах, зайлуулах байгууламж байгуулах ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Геодези усны барилга байгууламжийн газар тодорсон.
 

“Багц-1” төсөлд 20 блок бүхий орон сууцны барилга баригдана. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хоёр дахь металлурги групп корпораци” ХХК шалгарсан. Харин Багц-2 төслийн 26 блок орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Барилгын зургаадугаар инженерийн товчоо” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Нэг болон хоёрдугаар багц ажлын хүрээнд зарим блокын бетон цутгах ажил хийгдэж байна.  

“Багц 3”-ын хүрээнд 37 блок бүхий орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол, “Багц 4”- ийн хүрээнд 22 блок бүхий орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барина. Энэ хүрээнд тендэрийг тав хуваан задалж зарласан бөгөөд дотоод, гадаадын компаниуд шалгараад байгаа билээ. Түүнчлэн “Сэлбэ дэд төв”-ийн Газрын гүний дулаан ашиглан, төвлөрсөн дулаан хангамжаар хангах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын тендер зарлагдаад байна.  

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОНЦЛОГ  

  • Дулааныг 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас хангана. 
  • Орон сууцнуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсарна.  
  • Орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийднэ.
  • Сэлбэ хотын бүтээн байгуулалт дуусахад 12 мянган нүхэн жорлонг хэрэглээнээс гаргана.   

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бетон цутгалтын ажил хийгдэж байна  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй