
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-аас мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээг хийх шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Виктор Гонгора тэргүүтэй шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа.
Олон улсын шинжээчдийн баг Монголын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхын үнэлгээ-PVS (Performance of Veterinary Services) үнэлгээг 2007, 2010, 2014, 2019, 2022 онд 5 удаа хийжээ. ДМАЭМБ-ын 2007, 2010 мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний зөвлөмжийг Улсын их хурал, Засгийн газарт илгээсний үр дүнгээр Монгол Улс 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн хуулийг шинээр баталж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын үндсэн дүрмийн шаардлагад нийцүүлсэн мал эмнэлгийн бие даасан тогтолцоог бий болгож аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулсан.
Мөн 2019 оны мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулж мал, амьтан, тэгдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын хяналт, батлагаажуулалтыг мал мэнлэгийн нэгдсэн тогтолцоонд оруулж, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гадаад худалдааны чөлөөт байдлыг хангасан байна.
Монгол Улсад хийгдэж буй энэ удаагийн үнэлгээг бог малын мялзан өвчин, гахайн африкийн мялзан, хөдөө аж ахуйн салбарын ажилтын жендерийн чиглэлээр тусгайлан хийх бөгөөд үнэлгээний баг Ховд, Сэлэнгэ Дорнод аймагт ажиллахаар төлөвлөжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр шинжээчдийн багийн үнэлгээний ажилд амжилт хүсээд, ДМАЭМБ-аас Монголын мал эмнэлгийн салбарын тогтолцоог сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Шинжээчдийн багт Европын Холбооны Хүнсний аюулгүй байдлын техникийн зөвлөх Силвие Коулон, Бог малын мялзан өвчний техникийн зөвлөх Саймон Киху, Африкийн гахай мялзан өвчний техникийн зөвлөх Эмило Лион, ДМАЭМБ-ын Шинжлэх Ухааны комиссын дарга Мин Кюнг Парк, ДМАЭМБ-ын Жендерийн зөвлөх Марлени Бючи нар ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Олон улсын мал эмнэлгийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.