Шууд Chart

ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүлгүүд эхэллээ

2025-09-11 15:42:18

Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны спортын салбарын 76-р бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Тус хуралд Ази, номхон далайн бүсийн орнуудын үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид болон МҮОНРТ-ийн “MNB Спорт” сувгийн төлөөллүүд оролцлоо. Хурал, уулзалтууд өглөөний 09:00 цагт Спортын хорооны удирдлагуудын хаалттай уулзалтаар эхэлсэн байна. Энэ үеэр өнгөрсөн жилүүдэд Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос тухайн бүс нутгийн орнуудад түгээсэн тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, контентууд гээд хийж бүтээсэн ажлууд мөн санхүү, төсөв зарцуулалт, түүний гүйцэтгэл зэрэг олон ажлуудыг дүгнэсэн байна. 

Эхний хэлэлцүүлэг “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлэгт МҮОНТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал О. Ууганбаяр, БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нарын олон орны хэвлэл мэдээлэл болон спортын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм. 

Хэлэлцүүлгийг Турк улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн байгууллагын Спортын газрын захирал (TRT) Эмре Ботан Күмэт удирдан явуулсан байна. Оролцогч орнуудаас БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Малайз, Шри Ланк, Индонези, Вьетнам зэрэг орнуудаас тухайн салбарын мэргэжлийн төлөөлөгчид олноор ирж оролцлоо.

Монголын Үндэсний Спортын Хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав эхний илтгэлийг тавьж манай улсын үндэсний спортын тухай хууль, өнөөгийн нөхцөл байдал, олон улсад танигдсан байдал, хөгжлийн чиг хандлага зэргийг танилцуулсан юм. Мөн сурын харваа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан эртний уламжлалт спортын төрлүүдийн түүхэн цаг хугацааны өөрчлөлт, өв соёлыг танилцуулсан юм.

Мөн эрийн гурван наадмын спортын төрлүүдээс гадна шагайн харваа, мөсний шагай, мөсний харваа, тэмээн уралдаан, тэмцээн поло, тулам булаалдах тэмцээн гээд бусад олон төрлүүд байдгийг ч онцолсон юм. Түүнчлэн үндэсний бөхийн спорт дээр тулгуурлаж хөгжүүлсэн чөлөөт бөх, жүдо бөхийн спортын төрлүүдээр тив дэлхий, олимпын наадмуудад олон амжилт гаргасаар ирснийг үндэсний спортын түүх уламжлалтайгаа уялдуулан танилцуулав. Мөн дэлхийн монголчуудын наадмыг энэ жил Бельги улсын Брюссель хотноо анх удаа зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн олон орон дахь монголчууд үндэсний спортын төрлүүдээр дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байдгийг чухалчиллаа. Тэрээр энэ бүх үйл ажиллагаа болон түүнийг таниулан сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг ямар чухал нөлөөтэй тал өөрийн байр сууриа мөн илэрхийлсэн. Ингэхдээ энэхүү үйл ажиллагаануудыг даган тус салбарт орж ирэх реклам, зар сурталчилгаануудын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо нэмэгдэж, маш олон боломжууд гарч ирдэг гэдгийг онцоллоо. 

БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон өөрийн илтгэлдээ үндэсний ширым бөхийн спортоороо дамжуулж орчин үеийн хүүхэд залууст уламжлалт өв соёлоо хэрхэн түгээж байгаа талаараа хуваалцлаа. Мөн уламжлалт хэв маягийг орчин үеийн хэв загварт шилжүүлж телевизийн шоу хэлбэрээр эх орондоо болон олон улсад хэрхэн гаргаж байгаа туршлагаа танилцууллаа. Тэд олны анхаарлыг татах гадаад төрх, бие бялдрын хөгжилтэй залуучуудыг тус шоунд оролцуулж олны анхаарлыг татдаг байна. Үүний нөлөөгөөр тамирчид нь олон байгууллагуудын нүүр царай болж, реклам сурталчилгаа, загварын ертөнцөд орж, тус спортоор таниулан сурталчилж чаддаг байна. 

Мөн дотооддоо спортын олон төрлийн тэмцээнүүдийн үеэр бүжигчид, хөгжөөн дэмжигч охид зэргийн нөлөөгөөр үзэгчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гээд энтертайнмент олон арга хэлбэрүүдийг ашигладаг байна. Илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт тэр уламжлалыг тэр хэвээр нь хадгалах боломж маш бага учраас орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай нэгтгэн уялдуулж, цааш хөгжүүлэн авч явах нь чухал юм. 

Шри Ланкийн Үндэсний Телевизийн ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ энэ үеэр тавьсан илтгэлдээ мөн үндэсний спортын төрлүүдийнхээ талаар онцоллоо. Волейболын спортын үндэсний хэлбэр болон үндэсний тулааны спортын төрлүүдээ танилцуулсан юм. Монголын үндэсний бөхтэй адил тус улсын үндэсний спортын төрлүүд ч өв соёлыг нь ихээхэн тээдэг, соёлын чухал өвүүд болдог байна. Үүнийг спортын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, нэвтрүүлгүүдээрээ түгээн дэлгэрүүлж байж л цар хүрээг нэмэгдүүлж, хадгалан авч үлдэж чадна гэдгийг тэр чухалчиллаа. 

Хурал, хэлэлцүүлгүүд маргааш мөн спортын хэд хэдэн чухал сэдвүүдээр үргэлжлэх хуваарьтай байна. 


ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүлгүүд эхэллээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй