Шууд Chart

Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө

2025-09-24 14:15:06

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлж буй.

Тодруулбал, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.

Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, ногоон байгууламжийн цогцолбор барихаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатанд нийт 462 айлын орон сууцыг барьж буй. Ийнхүү эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг дуусган, улсын комисст хүлээлгэн өглөө. Үлдсэн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 57 хувьтай байгаа бол 76 айлын хоёр блок орон сууцны барилга угсралтын ажлын явц 48 хувьтай үргэлжилж байна. Харин сүүлийн 126 айлын гурван блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй.

Түүнчлэн Шархадны нийт 19.2 га талбайд 2184 айлын орон сууцны цогцолбор барихаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжид 338 айлын 10 блок орон сууц, үйлчилгээний төв барина. Энэ хүрээнд эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 99 хувьтай үргэлжилж байна. Харин үлдсэн 152 айлын дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажил 59 хувь, 76 айлын хоёр блок орон сууцны бүтээн байгуулалтын ажил 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. 

Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдээд зогсохгүй, дулаан хангамж, усан хангамж, эрчим хүчний хэрэглээний ухаалаг шийдлүүд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болно. Цаашлаад EDGE ногоон барилгын үнэлгээний системийн шаардлагын дагуу 20 хувийн усны хэмнэлттэй технологи ашиглах боломж бүрдэж буй.


Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй