
“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ны өдөр хүртэл 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Өдгөө 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэгчдийн борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм.
Уг өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.
“Намрын ногоон өдрүүд-2025” өргөтгөсөн худалдааны нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс цаашид хүнсний ногоо, улайн буудай зэргийг тариалж, өөрийн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах зорилтыг дэвшүүлэн, ажиллаж буй. Энэ хүрээнд 2 сая орчим хүн оршин суудаг нийслэл гэх их айлын хүнсний хэрэгцээг найдвартай хангах чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран томоохон төслүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт “Агро-сити” хэмээх газар тариалан, хүнсний ногооны эрчимжсэн бүс байгуулах шийдвэр гаргаж, Захирагчийн албыг байгуулсан. Тус эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг дотооддоо хангах, импортыг орлох бүтээгдэхүүнийг бий болгох үндсэн зорилготой. Тус бүсэд тариаланч, ногоочдын үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах зорилгоор дэд бүтэц татах ажлыг ирэх онд эхлүүлнэ” гэв.
Мөн цаашид Улаанбаатар хотын зүгээс нийт үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа тариаланч, ногоочдын бүтээгдэхүүнийг шууд худалдан, борлуулах худалдааны системийг бий болгохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран зохион байгуулж байна.
“Намрын ногоон өдрүүд-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ | ||
Үзсэн: 210 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.