Шууд Chart

Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх зам ирэх сард ашиглалтад орно

2025-09-26 12:58:20

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт авто замын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тус авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарч, тавдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн юм.

Тус ажлын явцын талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Уг замын ажил тавдугаар сард эхэлсэн. Зорчих хэсгийн хоёр эгнээтэй, долоон метр өргөн асфальт бетон хучилттай зам тавьж байна. Хоёр талаараа явган хүний зам, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна. Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр рүү тавьж байгаа болохоор хүнд даацын машин явахад зориулж суурийг цементээр бэхжүүлсэн. Үүний араас асфальт бетон хучилт хийнэ” гэдгийг онцолсон юм.

Гүйцэтгэгч компанийн хувьд ирэх сарын сүүлээр замын ажлыг бүрэн дуусгаж, зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд ажиллаж байна гэлээ. Уг зам ашиглалтад орсноор Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр болон Морингийн давааны хогийн цэг рүү зорчиж буй ачааны машинууд хатуу хучилттай замаар зорчино. Түүнчлэн шороон замаас үүдэлтэй тоосжилт, орчны бохирдол ч түүнийг дагаад буурна.

Ташрамд, ирэх оноос Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг зогсооно. Ийнхүү Морингийн давааны болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдал төвлөрөх юм. Түүнчлэн Морингийн давааны Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулсан хайрга дайргыг жил бүр хийдэг авто замын урсгал засварт ашиглахаар төлөвлөөд байна. Мөн тус байршилд хог хаягдлаас гадна малын сэг зэм их байдаг. Иймээс цаашид тухайн орчмыг хог хаягдлын эко парк хэлбэрээр хөгжүүлэн, ангилан ялгах, бордоо хийх үйлдвэрүүдийг төвлөрүүлэх бодлого баримталж байгаа тул уг авто зам нь ихээхэн ач холбогдолтой юм. 


Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх зам ирэх сард ашиглалтад орно  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй