
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны (UNODC) Төлөөлөгчийн газрын тэргүүн Нгүен Дук Лонг, хөтөлбөрийн үндэсний зөвлөх Г.Бадарч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр албан хаагчдыг мэргэшүүлэх, туршлага судлах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.
Сүүлийн жилүүдэд гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсанаар Монгол Улсыг зорих зорчигчдын урсгал нэмэгдэж, хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо цар тахлын өмнөх үеэс 42.7 хувиар өсжээ. Иргэдэд үзүүлэх үйлчилгээ хялбар, шуурхай болсон нь эерэг үр дүнтэй байгаа ч үүнтэй зэрэгцэн гадаадын иргэд зөрчил, гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдэж буйг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр онцолсон.
Иймд хар тамхи, мансуурах бодистой тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэхээс гадна гадаадын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс сэргийлэх, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үр дүнд хилийн боомтод ажиллаж буй албан хаагчдыг хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэлийг илрүүлэх, тандан судлах, шинжлэх чиглэлээрх сургалт, хөтөлбөрүүдэд хамруулахаар тохиролцов.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) нь дэлхий нийтэд мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар мэдлэг түгээх, хууль бус хар тамхи, олон улсын гэмт хэрэг, терроризмтой тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.