
Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог.
Монгол Улс санаачлан НҮБ-ын Ерөнхий чуулганаар батлуулсан “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол 1982 онд батлагдсанаар хоёр жил тутамд тодотгон батлагддаг түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон төдийгүй тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгдээд байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдсан.
Өдгөө дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь хөдөөгийн эмэгтэйчүүд бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогддог.
2022 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 43 хувь буюу гурван тэрбум гаруй хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Тэдний 80 орчим хувь нь нийгмийн нэн ядуу бүлэгт хамаардаг гэсэн дүн мэдээ гарчээ.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж байгаа ган, зудын гамшиг, түүний үр дагавраар малчдын амьжиргаа эдийн засгийн баталгаагүй болж, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, нэмэгдэх болсон.
Энэ нь жендэрийн тэгш байдалд нөлөөлж, нийт залуу малчдын 33 хувь нь эмэгтэй, 67 хувь нь эрэгтэй байна.
Эрэгтэйчүүд хөдөө аж ахуйн салбар, орон нутагт ажиллаж, амьдарч байгаагаас үүдэн хүйсийн тэнцвэр алдагдаж, цаашилбал бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлт нөлөөлөх эрсдэл бий болжээ.
Олон улсын хэмжээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг бүх хөгжлийн зорилтууд нь хөдөөгийн хөгжил, хөдөө орон нутгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго, зорилтуудыг агуулсан бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудаас хөдөө орон нутгийн, ялангуяа нэн ядуу, тусгаарлагдсан охид эмэгтэйчүүдийн амьдрал, эрүүл аз жаргалтай байдал, дасан зохицох чадварыг сайжруулах олон бодлого санаачилга гаргаж ирсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жендэрийн тэгш байдлыг хангах болон хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээрх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодлого төлөвлөлт гарган ажиллаж байна.
Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр | ||
Үзсэн: 276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.