Шууд Chart

Б.Содбаатар: Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг

2025-10-15 12:15:39

“Улаанбаатар Трамвай” төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой,хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. Зарим зогсоолыг худалдаа, үйлчилгээний төвтэй шийдлээр төлөвлөжээ. Төслийн хэрэгжилт болон техникийн шийдлийн талаар Ахлах инженер Б.Содбаатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Трамвайг яагаад Улаанбаатарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд метро, босоо чиглэлд трамвайг төлөвлөсөн. Автозамын түгжрэл иргэд төдийгүй улсын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж, хөгжлийг хойш татсан гол үзүүлэлт болон хөндөгдөөд удаж байна. Тухайлбал, Нисэх, Яармаг чиглэлд шинэ суурьшлын бүс бий болж, зорчилт хөдөлгөөн эрс нэмэгдэн үүнийг дагаад их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл зайлшгүй шаардагдаж буй учир “Улаанбаатар Трамвай” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

-Олон нийтийн зүгээс Трамвайг “үеэ өнгөрөөсөн” буюу хуучны тээврийн хэрэгсэл хэмээн шүүмжлэх хандлага байна?

-Трамвай бол нийтийн тээврийн салбарт туршигдсан, аюулгүй бөгөөд олон жилийн түүхтэй тээврийн хэрэгсэл. Анх энэхүү тээврийн хэрэгслийг бүтээх болсон шалтгаан нь дэлхийн хотуудын хүн ам, дэд бүтэц хурдтай хөгжиж, автомашины тоо эрс ихэссэнтэй холбоотой байв. Улс орнууд 20 дугаар зууны үед агаарын бохирдол, автомашины түгжрэлтэй нүүр тулж гарц шийдэл хайсны үр дүнд Трамвайг бүтээсэн нь дэлхийн ихэнх оронд түүчээлэн нэвтэрсэн. Трамвай нь цахилгаанаар ажилладаг тул агаарыг бохирдуулдаггүй, мөн нэг удаад олон зорчигч тээвэрлэх боломжтойгоос гадна тогтсон замаар зорчдог нь хотын дотоод урсгалыг илүү зохион байгуулалттай байлгахад тусалж байсан. Өнөөдрийн хувьд, Трамвай нь нийтийн тээврийн түүхэн өнгө төрх болсноос гадна техник, технологийн хувьд улам хүчирхэгжин шинэчлэгдэж байна. Манай улсын хувьд, техникийн болон эдийн засгийн маш олон суурь судалгааг харьцуулсны эцэст Трамвай төслийг хэрэгжүүлэхээр тогтсон.

-Трамвайн давуу тал нь юу байдаг вэ?

-Байгальд орчинд ээлтэй, аюулгүй, тав тухтай, нэгэн зэрэг олон хүн суух боломжтой нийтийн тээврийн хэрэгсэл. Мөн 2000 оноос хойш Трамвайн төслүүд ихэвчлэн автомат удирдлагын системд шилжсэн бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Лидар, радар систем ашигладаг болсон. Ингэснээр хүний хүчин зүйлээс шалтгаалсан яаралтай зогсолт, осол аваараас урьдчилан сэргийлэх боломжууд нэмэгдэж байна.

-Трамвайн ажиллах зарчим, техникийн шийдлээс танилцуулахгүй юу?

-Товчхон тайлбарлахад, Эрчим хүчний системээс 10кВт хүчдэлийн түвшингээс авч, бууруулан улмаар Шулуутгагч дэд станцаас тогтмол гүйдлийн 750В хүчдэлээр тэжээж, татах цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар хос дугуйг эргүүлэн ажилладаг. Жолоодлогын системийг хэвийн, тогтмол байлгах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Хурд авах, хурд удаашрах үед зорчигчид угзрах мэдрэмж өгөхгүйн тулд стандарт шаардлагыг олон улсын түвшинд судалж боловсруулан шаардлагыг тодорхойлсон байгаа. Энэ дашрамд олон улсад Трамвайн замыг Тусгаарлагдсан ба Холимог гэсэн хоёр үндсэн төлөвлөлтөөр барьж байгуулдаг юм байна лээ. Харин манай төслийн 90 орчим хувьд тусгаарлагдсан байдлаар төлөвлөгдсөн учраас аюулгүй байдал тэр хэмжээгээрээ дээшилж байгаа гэж ойлгож болно.

-Эрчим хүчний хэрэглээний хувьд ямар үзүүлэлттэй байх вэ. Улаанбаатар хот эрчим хүчний ачаалал өндөртэй, гэтэл цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлснээр цахилгааны хомсдолтой нүүр тулна гэсэн шүүмжлэл байна?

-Трамвайн хувьд цахилгааны зарцуулалт нь дунд хэмжээний үйлдвэр, жижиг дата төвүүдийн цахилгааны хэрэглээтэй адилхан. Монгол улсад 600МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгын ажил хийгдэж байгаа. Үүний эхний 150МВт ашиглалтанд орж сүлжээнд нийлүүлж эхэлсэн бөгөөд 2025 оны 12 дугаар сард хоёр дахь 150МВт орж, цаашдаа үе шаттайгаар бүрэн 600МВт-ын станц баригдана. Тиймээс цахилгааны ачаалал үүсэхгүй гэж хэлж болно. Трамвай нь өндөр цахилгаан шаардахгүй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл гэдгийг энд онцолмоор байна.

-Улаанбаатар Трамвай төслийн хөдлөх бүрэлдэхүүн, техникийн үзүүлэлтийг сонгосон уу?

-Ерөнхийдөө, хөдлөх бүрэлдэхүүнд тавигдах Техникийн шаардлагад өндөр ач холбогдол өгч байна. Регенератив систем буюу тоормослох үед үүссэн кинетик энергийг цахилгаан болгон хувиргаж, эргүүлэн сүлжээнд нийлүүлдэг системтэй трамвайн хөдлөх бүрэлдэхүүний концепцийг судалж байна. Учир нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ 20–30% хүртэл буурна, тоормосны эд анги бага элэгддэг гэх мэт давуу талтай юм билээ. Мөн хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэгчидтэй зөвшилцөж, үнийн санал авч байгаа.

-Төслийн хувьд одоогоор ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-“Улаанбаатар трамвай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн яамны холбогдох зөвлөлүүдээр хэлэлцүүлэн батлуулж, Зам, тээврийн хөгжлийн төвийн магадлалд оруулан мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр баталгаажуулсан. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоо зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын оролцооны боломж, түншлэлийн хэлбэрүүдийн талаарх судалгаа, тооцоолол, мэдээлэлд үндэслэсэн төслийн саналуудыг хүлээн авч байна. Трамвай төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийн түншүүд, хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагуудыг хамтран ажиллахыг уримаар байна.

-Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх нь ямар давуу талыг бий болгоно гэж харж байгаа вэ?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь төсвийн дарамтыг бууруулж, хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломж олгодог. Мөн эрсдэлийг оновчтой хуваарилж, үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлдэг давуу талтай. Иймд “Улаанбаатар трамвай” төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр юм.

-ТЭЗҮ-ийн хүрээнд хийгдсэн судалгаанаас танилцуулна уу?

-Төслийн ТЭЗҮ боловсруулахад трамвайд холбогдох нийт 51 стандартыг судалсан. Монгол улсын 25 стандарт /MNS/, Олон улсын 26 стандарт /EN/-уудыг тус тус судалж, ТЭЗҮ-ийг боловсруулахдаа ашигласан. Төмөр замын 19, цахилгаан хангамжийн 9, холбоо дохиололлын 8, авто замын 6, гүүрийн 3, явган ба замын дугуйн 3, хөдлөх бүрэлдэхүүн 3 зэргийг тус тус ашигласан.

-Трамвайн зорчигчдод үйлчлэх хурд, хугацаа ямар байх вэ. Иргэдийн зүгээс удаан зорчдог нийтийн тээвэр гэсэн ойлголт байх шиг байна. Үүнд хариулт өгнө үү?

-Техникийн дээд хурд 80км/цаг хүртэл хурдлах боломжтой. Харин ашиглалтын үеийн дундаж хурд 25-30 км/цаг гэж тооцож байгаа. Бид урьдчилсан байдлаар галт тэрэг ашиглалтын төлөвлөгөө боловсруулж симуляци хийж шалгадаг. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 11 км маршрутыг 29 минут, Архивын Ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15км урт машрутыг 37 миниут тус тус туулах боломжтой байгааг судалгаагаар тогтоосон. Цаашид автозамын өргөтгөх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж, Трамвай төсөлтэй уялдан ашиглалтад орсноор замын ачаалал буурах, зам тээврийн осол бууран найдвартай байдал нэмэгдэнэ. Иргэдийн замын түгжрэлд зарцуулж буй хугацаа багасах гэх мэт олон давуу талтай нийтийн тээвэр юм.

-Трамвайн дэлхий дахинд амжилттай хэрэгжсэн төслүүдээс онцолбол?

-Трамвай нь Францын Страсбург, Лион, Бордо зэрэг хотод соёлын нэг хэсэг болж, жуулчдын сонирхлыг татаж байгаа бол АНУ-ын Портланд, Сиэтл хотод орчин үеийн дэд бүтэцтэй уялдан дахин нэвтэрч байна. Испанийн Барселона, Мадрид хотууд трамвайг ашиглан нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулсан бол Туркийн Истанбул, Измир хотод хуучны трамвайг аялал жуулчлалын гол шугам болгон ашиглаж байна. Харин Австралийн Мельбурн бол өнөөдөр ч дэлхийн хамгийн том трамвайн сүлжээг ашиглаж буй цөөн хотуудын нэг юм. Түүнчлэн Катарын Лусайл 2022 онд анхны “Orange Line” буюу 6 буудал бүхий шугамаа нээгээд, одоогоор “Orange” болон “Pink” шугамууд зорчигчдыг тээвэрлэж байна. Люксембург Трамвайн системээ олон үе шаттайгаар өргөтгөж байгаа бөгөөд 2025 онд онгоцны буудал руу чиглэсэн шинэ трамвай холбоос нэмэгдсэн. Мөн Солонгос Улсад 5,4км Трамвайн төсөл амжилттай хэрэгжин туршилтын тээвэр эхлээд байна гээд дэлхийн улс орнууд Трамвайг өргөнөөр нэвтрүүлж байгаа юм.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар


Б.Содбаатар: Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй