Шууд Chart

ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ

2025-10-15 14:38:44

Улаанбаатар хотын дулаан хэрэглэгчдийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, Нийслэл болон Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан хангамжийг дээшлүүлэх зорилгоор дэвшилтэт техник, технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр болох “Дулааны тавдугаар цахилгаан станц” /ДЦС-5/ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Дулааны тавдугаар цахилгаан станцын нийт хөрөнгө оруулалтыг 658.56 сая ам.доллар байхаар тусгасан нь төслийн ТЭЗҮ-д тооцоолсны дагуу хувийн хэвшлийн түншлэгч талаас ирүүлсэн үнэ юм. Үүний 80 хувь нь хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт байх бол 20 хувь нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт байхаар төлөвлөсөн. Тус төсөл нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр хэрэгжинэ. Энэ хүрээнд сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд үүнд 8 оролцогч хүсэлтээ илэрхийлж 4 оролцогч саналаа бэлтгэн ирүүлсэн. Үүнээс “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК гэсэн 3 компани шаардлага хангаж, улмаар хураангуй жагсаалтад "Ми тайм интернэшнл" ХХК "Шунхлай Холдинг" ХХК багтаж, "Ми тайм интернэшнл" ХХК шалгарсан.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний нөхцөлийг эцэслэх хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Энэ дагуу түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг маргааш /2025.10.15/ НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Тус гэрээнд тусгаснаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн барилга бүтээн байгуулалтын ажил 2.5 жил үргэлжилж, 2028 онд ашиглалтад оруулахаар тусгажээ.

Тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлснээр нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих, урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах, төсөв, санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зохицуулалт бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн шууд дарамтыг бууруулахын зэрэгцээ хувийн хэвшлийн хурд, уян хатан байдал, менежментийн чадамжийг тухайн салбарт үр дүнтэйгээр ашиглах давуу талтай.

Тус төсөл нь Нийслэлийн төвлөрлийг дагасан өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг дотоод эх үүсвэрээр хангах, цахилгаан эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.  


ДЦС-5 төсөл: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэнэ  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй