Шууд Chart

Хөдөлмөрийн баатар сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ тэнгэрт дэвшжээ

2025-10-20 14:27:30

Монголын сэтгүүл зүйн ноён оргилуудын нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ тэнгэрт дэвшжээ.

Х.Цэвлээ 1932 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаансайрын баг, Ямбат хайрханы энгэрт малчин Б.Хорлоогийн том хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1948 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, сум, аймгийн боловсрол, соёлын байгуулагуудаас улбаалан улмаар төрийн төв хэвлэлүүдэд олон жил хариуцлагатай ажил албан тушаалыг нэр төртэй хашиж байсан эрхэм билээ.

1980-аад онд Үнэн сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр, мөн Тоншуул сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллажээ.

1990–1992 онд БНМАУ-ын Мэдээлэл, радио телевизийн Улсын хорооны дарга (Засгийн газрын гишүүн) бөгөөд энэ хугацаанд МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.

1992–1996 онд Засгийн газрын мэдээ сониныг үүсгэн байгуулж, эрхлэгчээр ажилласан байна.

Төр, нийгэм, улс эх орон, ард түмнийхээ төлөөх түүний хөдөлмөр бүтээл, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, хөдөлмөр бүтээл, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1990 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр, 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

Х.Цэвлээ нь улсад 70 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөхдөө 66 жилийг нь хэвлэл мэдээллийн салбарт зориулж, олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, уран бүтээлийн 50 гаруй ном бүтээж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулжээ.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Хөдөлмөрийн баатар сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ тэнгэрт дэвшжээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй