
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган 2025 оны аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Фижи Улсын Нади хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулганд бүс нутгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлт, халдварт болон халдварт бус өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн санхүүжилт, хүний нөөцийн тогтвортой байдал зэрэг нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Янжмаа оролцож байна. Тэрбээр чуулганы хуралдааны эхний өдөр Номхон далайн баруун бүсийн захирлын өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлын тайлан болон 2024-2025 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл болон 2026-2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт тус тус оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицсон, сөрөн тэсвэрлэх чадвартай, цахим шийдэлд тулгуурласан, хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо бий болгох зорилтдоо тууштай байгааг онцлон тэмдэглээд, ДЭМБ-ын хөтөлбөр, үйл ажиллагаа, санаачлагууд нь гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарт бодит үр дүн авчирч байна гэлээ.
Тэрчлэн бүс нутгийн хэмжээнд баримталж буй санхүүгийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагатай удирдлагыг өндрөөр үнэлж, эрүүл мэндийн санхүүжилт, мэдээллийн их өгөгдлийн тогтолцоо, хариуцлагын механизмыг бэхжүүлэх нь салбарын шинэчлэлийг тогтвортой, амжилттай байлгахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган болж байна | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.