Шууд Chart

“Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ

2025-10-23 12:15:12

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ, “Мидбар” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар БНСУ-ын “Мидбар” компанийн боловсруулсан “Air Farm” хэмээх ухаалаг хяналтын тооцоололд суурилсан тасалгааны хүлэмжийн системийг Монгол Улсад туршилтаар эхлүүлж байгаа талаар хэлэлцэв.

Тус компани нь КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ХХААХҮЯ-ны харьяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран тус технологийг Монгол орны нөхцөлд туршиж эхлээд байна. Уг санаачилга нь “Атрын IV” тогтвортой хөгжлийн аяны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд дэвшилтэт техник, инноваци, ус хэмнэх ухаалаг технологи нэвтрүүлэх зорилготой юм.

“Air Farm” систем нь хөрсний чийг, агаарын температур, ургамлын өсөлтийн явцыг бодит цагийн горимоор хянах ухаалаг төхөөрөмж юм. Энэ нь хөдөлмөр хөнгөвчилж, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх, усны хэрэглээг огцом бууруулах боломжийг олгох юм. Тус төхөөрөмж нь уламжлалт тариалангаас усны хэрэглээг 99 хувиар, харин вертикаль тариалангаас 90 хувиар багасгах чадвартай бөгөөд усны хомсдолтой бүс нутаг, гамшгийн дараах нөхцөл, хээрийн орчинд богино хугацаанд суурилуулж, тариалан эрхлэх боломжийг бүрдүүлдэг.

Технологийн бас нэг давуу тал нь хагас өдрийн дотор угсарч ашиглах боломжтой, зөөвөрлөхөд хялбар, талбай бага эзэлдэг явдал юм. Байшин барилга дотор болон гадна орчинд тариалан эрхлэхэд тохиромжтой энэхүү системийг Монгол орны усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, алслагдсан бүс нутгийн нөхцөлд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Уулзалтын төгсгөлд талууд инновацийн шийдэл бүхий ухаалаг технологийг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах нь Монгол Улсын хүнсний хангамж, тогтвортой хөгжлийн бодлогод чухал дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

 


“Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй