Францын эрх баригчид нутгийн хойд хэсэгт, далайн эргийн Кале хотод ашиглагдаагүй агуулахад орогнож байсан бүлэг дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлжээ.
Тус агуулахад хэдэн зуун дүрвэгсэд нэг жилийн турш амьдарч байсан байна.
Кале дахь хуучин агуулахад ойролцоогоор 600 хүн нэг жил орчим байрлаж байсан бөгөөд Пас-де-Кале мужийн захиргаа эдгээр хүмүүсийг “хортой, аюултай нөхцөл”-д байсныг онцолжээ.
AFP агентлагийн мэдээлснээр, “Cheers” гэж нэрлэгдсэн уг агуулах руу 01 дүгээр сард очсон сурвалжлагчид дүрвэгсдийг харанхуй, чийглэг, хогийн овоон дунд шахцалдсан нөхцөлд амьдарч байгааг мэдээлж байжээ. Мужийн захиргааны мэдэгдэлд дурдсанаар, уг газар нь удаан хугацаанд дүрвэгсдийг мөлжих хууль бус сүлжээний төв болсон бөгөөд орон сууцыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа “амар тайван, ямар нэгэн осолгүй” явагдсан гэжээ.
Өмнөх сард мужийн захиргаа нүүлгэн шилжүүлэх бэлтгэлээр хэд хэдэн удаа очиж, дүрвэгсдэд өрхийн төвүүдэд түр байрлах боломжийг санал болгож байсан бөгөөд үүний үр дүнд 170 хүн санал болгосон байрлалд очсон байна. Агуулахад амьдарч байсан дүрвэгсдийг хууль бус хил нэвтрэгчид гэж үзэж байсан тул газрын эзэд газраа ашиглах боломжгүй байсан аж. Нүүлгэсний дараа эзэмшигчид орц, гарцыг хааж, дахин орогнох боломжгүй болгосон байна.
Францын цагдаа нар Кале болон эргэн тойрны аюултай газар нутгаас дүрвэгсдийг тогтмол нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа ч дүрвэгсэд хууль бус завь ашиглан Их Британи руу явахаар завдах тохиолдол нэлээдгүй нэмэгдсэн гэж мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Пас-де-Кале мужид жижиг завь ашиглан Их Британи руу гарах хүсэлтэй хэдэн зуун, зарим үед 1,000 гаруй дүрвэгсэд цугларах болжээ. Их Британийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 2025 онд нийт 33,486 хүн Английн сувгийг гаталж Их Британид хүрсэн бол 2024 онд Их Британи руу хийсэн хууль бус хил нэвтрэлтийн 80 хувь нь жижиг завь ашигласан байна.
Францын хойд эргийн хотуудаас Их Британи руу завиар ирэх хууль бус нэвтрэлтийг бууруулах зорилгоор Ерөнхий сайд Киер Стармер өнгөрсөн сард шинэ хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Их Британи руу хууль бусаар нэг хүн ирвэл, Франц дахь хууль ёсны орогнолтой нэг хүнээр солих эсвэл буцаах нөхцөл юм. Францын эрх баригчид ч энэ хөтөлбөрийг Кале, Дюнкерк, Булонь-сюр-Мер зэрэг хойд эргийн хотод хууль бус дүрвэгчдийн тоог бууруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Эх сурвалж: ГИХГ
| Франц улс Кале дахь хууль бус орогнох байруудыг цэвэрлэж, завьтай дүрвэгсдийг саатуулж эхлэв | ||
| Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.