Нийслэл Улаанбаатар хотод жил бүр 1.5 сая тонн хог хаягдал гардаг ч одоогоор ердөө 25 хувийг л дахин боловсруулж байна.
Тиймээс хогийг эргэлтэд оруулж эрчим хүч үйлдвэрлэх замаар агаар, хөрс, орчны бохирдол бууруулах шийдэл бүхий “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дэлхийн жишигт нийцсэн байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай технологид шилжих, хог хаягдлыг эргүүлэн боловсруулж, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх төслийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах юм. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэгч "Сычуан эрчим хүчний хөрөнгө оруулалт, Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт ХХК"-тай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ингэснээр 2028 оноос эхлэн Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаах үйлдвэрт устгах юм. Урьдчилсан тооцоогоор 2040 он гэхэд нийт хог хаягдлынхаа 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж эрчим хүч гаргах боломжтой тухай судалгаа гарчээ.
Хурсан хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэснээр хогийг дарж булшлах технологийг халж, улмаар шатааж устгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол буурч, байгаль, орчин, нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн үйлдвэрлэсэн эрчим хүчээр гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.

| Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэснээр 2333 өрхийг эрчим хүчээр хангана | ||
| Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.