Шууд Chart

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо

2025-10-24 14:47:42

"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийг УИХ-ын чуулганы 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталсан. Энэ ажлын хүрээнд Засгийн газар хоорондын тус хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлэлцээрүүдийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”-ний тээвэрлэлтийг гүйцэтгэхээр “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Тус гэрээний хугацаанд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэхээр тусгасан бөгөөд үүнээс 2025-2027 онд жил бүр 5 сая тонн, 2028-2029 онд жил бүр 6 сая тонн, 2030-2040 онд жил бүр 20 сая тонн нүүрс тус тус тээвэрлэх хуваарийг баталсан.

“Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай хийсэн нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлэлтийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл нийт 2,000,000 тонн нүүрс тээвэрлэлээ.

Энэ үзүүлэлт нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 4 сарын хугацаанд тээвэрлэсэн ачааны хэмжээгээр түүхэн амжилт болж байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ. 


“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй