Шууд Chart

Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2025-10-30 10:17:29

Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд шинээр 120 ортой зүрх судасны эмнэлгийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулна.

Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлж, Монгол Улсад жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б. Жавхлан өнгөрсөн 19 жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад нийт 2.5 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 159 төсөл, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс цаашид Монгол Улсын хувийн хэвшилд санхүүжилт олгоход түлхүү анхаарахаас гадна эрүүл мэнд, боловсрол болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Сангийн яамнаас мэдээллээ. 


Зүрх, судасны үндэсний төв байгуулах зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй