Шууд Chart

Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 50-100 сая м.куб ус хуримтлуулна

2025-11-03 10:24:57

Монгол Улсын хүн амын тал гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрлэлийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 м³ хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм.

Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам.метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна.

Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгох төдийгүй үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөсөн. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулсанаар жилд 50–100 сая м.куб-аар усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 19,000 км гаруй ус дамжуулах хоолой барьж 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.


Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 50-100 сая м.куб ус хуримтлуулна  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй