Шууд Chart

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, гишүүд Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа

2025-11-13 14:45:38

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус парламентын бүлгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа.

Олон зууны найрсаг, уламжлалт харилцаатай БНЭУ манай хамгийн том гуравдагч хөрш болохыг уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Б.Найдалаа онцолж, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлсэн өргөн агуулгатай болсныг цохон тэмдэглэв. Төрийн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлсэн захидлыг Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгээс тус улсын парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга, ноён Ом Бирлад илгээснийг тэрбээр мэдэгдэж, Лок Сабхад Энэтхэг-Монголын парламентын бүлгийг байгуулж буйд талархал илэрхийлэн, тус бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг улам өргөжин тэлж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, тэр дундаа газрын тос, мэдээллийн технологи, шашин, соёл зэрэг олон талыг харгалзан гишүүдийнхээ тоог өргөжүүлж байгааг бүлгийн дарга Б.Найдалаа дурдаж, бүх талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ нотоллоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсын хамгийн том төслүүдийн нэг гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир онцолж, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой нөлөөтэй энэхүү төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаа гэлээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве урьж уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн хэрэгжүүлж буй БНЭУ-ын компанийн төлбөрийг цаг хугацаанд нь олгох, инженер, ажилтнуудад урт хугацааны виз олгох, тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө 2027 оны дунд үе гэхэд дуусгах зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр илтгэж, Монголын олон нийт төслийн гүйцэтгэлийг удаашралтай явагдаж буй гэсэн буруу ойлголттой байгааг залруулах шаардлагатай байгааг дурдав. Мөн тэрбээр БНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн сургалтын төв, ерөнхий боловсролын 1200 суудалтай Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль байгуулах төслүүд, тус улсын Засгийн газрын болон Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгтэй мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хоёр улсын хооронд өвлийн аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн шууд нислэг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаа одоо байгаагаасаа илүү өргөжин тэлэх боломж бийг талууд харилцан илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, гишүүд Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй