Шууд Chart

Дунд, ахлах ангийн сурагчид анхны тусламж үзүүлэх практик сургалтад хамрагдлаа

2025-11-17 11:18:54

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.

Сургуулийн орчин дахь хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтыг практик орчинд буюу эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх нь энэхүү сургалтын зорилго юм.

Тус сургалтын нэгдүгээр ээлжинд Ерөнхий боловсролын “Монгени” болон 13 дугаар сургууль,  хоёрдугаар ээлжинд “Эрдмийн ундраа” цогцолбор, 184 дүгээр сургуулийн тус бүр  250 буюу нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Visit tour” сургалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэснээс гадна анхны тусламжийн цогц сургалт (муляж, гипс, чиг тавих, боолт хийх), хахах үеийн тусламж, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээлэл зөвлөмжийг өгч, үе тэнгийнхэндээ дадлага хийх байдлаар мэдлэг олгосон байна.

Энэхүү сургалт  нь ГССҮТ болон “СҮҮ” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй томоохон ажлын нэг бөгөөд сургалтад оролцогч хүүхдүүдэд тус компаниас сүү, сүүн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг өгч дэмжин ажиллалаа.

Дашрамд дуулгахад, 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.


Дунд, ахлах ангийн сурагчид анхны тусламж үзүүлэх практик сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй