Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна. Үүнд:
Эцэг эх, асран хамгаалагч нарт:
1. Урлаг спорт, соёл олон нийтийн зэрэг төвлөрсөн арга хэмжээнд оролцохоос аль болох татгалзахыг бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөж байна. Учир нь та томуу, томуу төст өвчний халдвар тээгч болох ба үүнийгээ бага насны хүүхдэд халдварлуулах эрсдэл өндөр болно.
2. Гэр бүлийн орчинд гэр бүлийн гишүүн бүрийн хувийн ариун цэврийг сахиулаарай. Гараа тогтмол угаах, содтой усаар амаа зайлах зэрэг дадлыг хэвшүүлж, дархлаа дэмжих амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх нь томуу, томуунаас урьдчилан сэргийлэх гол арга зам юм.
3. Хэрэв таны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай. Таамгаар, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх нь чухал. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд албан ёсоор мэдэгдэж чөлөө авах нь зүйтэй.
Аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд:
1. Ач холбогдол багатай, онцын шаардлагагүй олон нийтийг хамарсан төвлөрсөн үйл ажиллагааны тоог эрс бууруулж, түүнд тавих хяналтыг сайжруулахыг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад зөвлөж байна.
2. Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид томуу, төст өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотой чөлөө хүссэн тохиолдолд цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломжийг олгохыг төрийн байгууллагууд, аж ахуй нэгжийн удирдлагуудад уриалж байна.
3. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж өөрийгөө болон бусдыг хамгаалах, томуу, төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгөх зөвлөгөө зааврыг дагаж мөрдөөрэй.
Боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад:
1. Суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, сургалтын байгууллагын орчинд гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлж, цэцэрлэг, бага ангийн суралцагчдын үдийн хоолыг шим тэжээлтэй, дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулаарай.
2. Суралцагчдын ирцийн тандалтын мэдээг тогтмолжуулж, томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн байгууллагуудаас өгөх зөвлөмж зааврыг дагаж мөрдөж ажиллаарай.
3. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг байгууллагын дотоод нөөцөд тулгуурлан зохион байгуулаарай.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
| Зөвлөмж | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.