Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Б.Батцоож "Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт арваннэгдүгээр сарын 17, 18-наас огцом нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-д вирус судлалын шинжилгээ хийгдэж, орчилт томуугийн А хүрээний вирус тодорхойлогдсон байна. НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд 1,200 орчим эмнэлгийн ор дэлгэсэн. Цаашид эмнэлгийн орны тоог 1,500 болгохоор ажиллаж байна.
Өнгөрсөн шөнө нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 2,420 хүн үйлчлүүлсэн нь өмнөх өдрийнхөөс 200 тохиолдлоор нэмэгдсэн. Яаралтай тусламжийн 103 төвд 2,787 дуудлага өгч, гэрээр үзүүлсэн нь өмнөх өдрөөсөө 500 орчмоор нэмэгдэж, 23 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар хүүхэд, том хүний томуугийн өвчлөл 50, 50 хувь байна. Хүүхэд, том хүний өвчлөлийн дуудлагын харьцаа 30:70 хувь байдаг юм. Өнөөдрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах гэж байна.
Гэхдээ бүх өрхийн эмнэлэг бус бүсчлэл тус бүрд өрхийн эмнэлэг эсвэл хүүхдийн кабинетыг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байна. Бүсчлэл бүрийн өрхийн эмнэлэг ажлын өдөр орой 20:00 цаг хүртэл, Бямба, Ням гарагт 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдрөөр 11:00-17:00 хүртэл ажиллана" гэв.
| Б.Батцоож: Өнөөдрөөс өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулна | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.