Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

| Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.