Шууд Chart

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

2025-12-03 10:12:37

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.

Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.

Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.

Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.

Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.

Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ


Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй