Шууд Chart

Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна

2025-12-03 10:19:37

Энэ оны 11 сарын байдлаар бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг  үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн хүнд хуулийн хариуцлага оногдуулдаг.

Энэ онд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомтой холбоотой заалтыг эрх бүхий байгууллагаас баталсан.

Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулан гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор тодорхой оршин суух хаяггүй, санхүүгийн хэрэгцээ тулгарсан иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээрх данс, картыг ашиглан улмаар орлогоо дамжуулан авах хэлбэрээр иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулж, энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга улам бүр нарийсаж байна.

Иймд эрх бүхий байгууллагаас “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах” үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай.

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж, улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байна.


Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна  
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй